Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, Аж ахуйн тасгийн дарга Ц.Ундрах, 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Дэлгэрсайхан, Азийн хөгжлийн банк, "Сэлбэ дэд төв" төслийн ажлын багынхан, гүйцэтгэгч компани болох "Ус орчин" ХХК-ийн удирдлага, инженерүүд, хорооны иргэд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг найман дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7 ,8 ,9 ,10, 28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлнэ. Хотын дэд төвүүдэд сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг цогцоор нь барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөг баталсан. Мөн Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжийн 104,5 сая доллартай тэнцэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, 2014 оноос бүтээн байгуулалтын ажил эхэлсэн.
Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороонд иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын хоёр орон сууцыг нийслэлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан байна.
Нийслэлийн Засаг дарга, “Ямар ч нөхцөл байдал үүссэн хотын дэд төв байгуулах энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх нь маш чухал. Цаашдаа нийслэл хотод төдийгүй Монгол Улсад эдийн засгийн маш том үр өгөөжөө өгөх энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал гэр хорооллын иргэдэд хотын дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг ойртуулж, иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин бүрдэнэ” гэдгийг онцоллоо.