2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Б.Ган-Эрдэнэ улс төрийн хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдэж цагаатгагдсан амьд сэрүүн байгаа 9 иргэнийг хүлээн авч уулзан санал сэтгэгдлийг нь сонсож, хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээнд ИТХ-ын төлөөлөгч 8 дугаар хорооны Засаг дарга С.Эрдэнэцэцэг, ИТХ-ын төлөөлөгч 13 дугаар хорооны Засаг дарга Л.Баяр-Эрдэнээ нар оролцсон юм.
Уулзалтын үеэр хилс хэрэгт хэлмэгдэж явсан Ж.Батбаатар хэлэхдээ:
Хууль эрх зүйн орчинг шинэчлэх хэрэгтэй. Одоо хэлмэгдэгсэд гэж хэнийг хэлэх вэ? гэдгийг тодорхой болгож хуульчлах хэрэгтэй.
Ж.Дашвандаг хэлэхдээ:
Хүн, хүний сайхан сэтгэл гэж бий. Биднийг жил бүр хүлээн авч уулзан дэм үзүүлж байдагт баярлаж байна. Миний хувьд хүүхдийн зохиолч хүн. Улсаас ямар ч дэмжлэггүйгээр 20 гаруй жил 21 аймаг, 330 сумаар явж лекц уншиж байна.
Улс эх орныхоо хойч ирээдүй болсон дүүргийнхээ хүүхэд багачуудад ч лекц унших хүсэлтэй байна.
Б.Лувсандондог хэлэхдээ:
Хэлмэгдүүлэлтийн он жилүүд тэртээ ард хоцорсон ч хүний сэтгэл санааны хохирлыг хэн ч нөхөж чадахгүй.
1990 оны Ардчилсан хувьсгал ялж олон зуун хүнийг цагаатгасаны буянд өндөр насыг насалж өнөр өтгөн сайхан амьдарч байна. Та бүхэндээ баярлалаа.
В.Дашбалжир хэлэхдээ:
Үндсэн засаг захиргаа болох хороо, дүүргийн минь удирдлага та бүхэн минь жил бүр биднийг хүндэтгэн хүлээн авч уулзан, сэтгэл санааг хуваалцан дэмжлэг үзүүлдэгт баярлалаа.
Ийнхүү хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан иргэд өөр хоорондоо болон ИТХ-ын даргатай хэлмэгдэлтийн он жилүүдэд тохиолдож байсан үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцаж, жил бүр тэднийг хүлээж авч хүндэтгэл үзүүлж байдаг төр засаг, дүүрэг орон нутгийн удирдлага, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын бүрэлдэхүүнд тэднийг дэмжиж тусламж дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлж цаашдын ажилд амжилт хүсэж байгаагаа илэрхийллээ.