СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Манай дүүргийн инээмсэглэлээс эх орны минь хөгжил харагддаг.

2015-10-12

Монголын тусгаар тєрийг vндэслэн байгуулагч их жанжин Сvхбаатарын нэрээр нэрлэгдсэн нийслэлийн хоймор эзэгнэн орших Сүхбаатар дүүргийн түүхт 50 жилийн ой энэ 2015 онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнийг урьж ярилцлаа. /songogch.mn сайтын Онцлох улс төрч булангаас нийтлэв. Нийтлэгч Ш.Туяа/          

Та бүхэн түүхт 50 жилийн ойгоо энэ онд тэмдэглэх гэж байгаа. Дүүргийнхээ талаар түүх хуваалцана уу?  

Манай дүүрэг бол Монгол улсын хамгийн ууган дүүргийн нэг. Анх бол Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо ч гэж явсан. Бүр нарийн ярьвал Сүхбаатар дүүрэг маань нийслэл хүрээний гол хэсэг шүү дээ. Гандангийн дэнж, Амгалан гээд хорооллууд байлаа. Энэ түүхээр нь ярих юм бол манай дүүрэг нийслэл хоттойгоо чацуу. Албан ёсны болгосноор бол бид энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Манай дүүрэг 140-өөд мянган иргэнтэй, 36 мянган өрхтэй, 46 хувь нь орон сууцанд амьдардаг, 54 хувь нь гэр хороололд амьдардаг гээд ангилаад хэлж болно.

Сүхбаатар дүүрэг нийслэлийнхээ төв нь учраас бусад дүүргээсээ хамгийн их ачаалалтай байдаг байх? Ер нь дүүргийнхээ онцлогоос сонирхуулбал?

Манай дүүргийн хамгийн том онцлог нь улс төр, төр захиргааны ихэнх байгууллагууд, шинжлэх ухаан, боловсролын их дээд сургуулиуд, соёл урлагийн томоохон байгууллагууд, мөн томоохон аж ахуй нэгжүүдийн төв оффисууд, хүүхдийн паркаас авхуулаад олон үзвэр үйлчилгээний газрууд манай дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Энэ утгаараа манай дүүргийн 140 мянган иргэнээс гадна өдөртөө 700 –аад мянган хүн орж гардаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр нийслэл хотдоо хамгийн их өндөр ачаалал авдаг нэг дүүрэг гэж ойлгож болно.

Нөгөө талаасаа манай дүүргийн, миний дүүргийн хамгийн гол онцлог нь “Найрсаг сайхан Улаанбаатар хот” бүр цаашлаад улс эх орны нүүр царай юм. Миний дүүргийн иргэдийн нүүрэн дээр инээмсэглэл тодорч, миний дүүргийн гудамж талбай тохижилт сайтай байж, миний дүүрэг хоггүй цэмцгэр байх юм бол энэ нь өөрөө эх орны минь нүүр царайг илтгэнэ. Гадна дотноос ирсэн ямар ч зочин манай дүүрэгт зочилж, манай дүүргээр амьсгалж байна. Тийм учраас энэ дүүрэг өөрөө өнгөлөг, жавхаатай, цэвэр цэмцгэр, иргэдийнх нь нүүрэн дээр инээмсэглэл тодорсон байх ёстой. Энэ бол ганцхан дүүргийн асуудал биш эх орны минь асуудал учраас их чухал.

Таны хувьд иргэдтэйгээ хэр зэрэг ойртож ажилладаг вэ?

            Надад иргэдтэй уулздаг, уулздаггүй өдөр гэж байдаггүй. Намайг ажлын өрөөндөө байхад хүн ирэх юм бол аль болохоор ажлаа зохицуулаад хүлээн авч уулздаг. Ер нь манай Сүхбаатар дүүргийн 20 хороо бол миний ажиллах хамгийн гол цэг шүү дээ. Эдгээр хороодынхоо иргэдтэй уулзах, ялангуяа Иргэдийн Нийтийн Хуралд нь оролцох, иргэдийн хүссэн асуултад хариулах, мэдээлэл өгөх, иргэдтэйгээ хамтарч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар  ярилцах, дээр нь ирэх жил бид юу хийх үү, ямар ажил дээр түлхүү анхаарах уу гэдэгт гол анхаарлаа чиглүүлж ажилладаг. Он гарсаар дүүргийнхээ нэг хороонд гэхэд дөрвөн удаа очиж иргэдтэйгээ уулзалт хийгээд байна. Гэхдээ зарим хороонд 2-3, зарим хороонд 4-5 удаа ч очсон байх. Тэгээд би жилдээ нэг хороонд 17, 18 удаа ажилласан байдаг. Энд нэг сайн жишээг дурьдах хэрэгтэй. Иргэд маань жил ирэх тусам хуралд оролцох, хамтарч ажиллах үүрэг оролцоогоо нэмэгдүүлж байна. Иргэдийн оролцоо сайжирснаар улс орны хөгжлийн үүд хаалга нээгдэнэ гэж харж байгаа.

Иргэдийн оролцоо сайжирч байгаа нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг иргэдээр хэлэлцүүлдэг болсонтой холбоотой байх?

            Үндсэндээ иргэдийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал руу нь ойртуулж өгсөн нэг хөшүүрэг бол 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай шинэ хууль. Энэ хуулиар Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт гэсэн нэг ойлголтыг бий болгосон. Энэ сангийн хөрөнгийг иргэдийн саналаар хэрхэн яаж зарцуулах уу, юуг хийж бүтээх үү гэдэг эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгсөн. Эндээс эхлээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн дүүргийн ЗДТГ, иргэдийн хамтарч ажиллах нөхцөл нь бүрдсэн. Энэ бол маш зөв, манай нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг иргэдэд таниулж өгөх, иргэдтэй хамтарч ажиллах хуулийн сайн зохицуулалт болсон. Ер нь бол төр засаг иргэддээ хамгийн ойр байх ёстой, гэтэл тийм байж чадаж байна уу? Боломж ч байхгүй. Тэгэхээр аль болох эрх мэдлийг хуулийн хүрээнд нь Нутгийн өөрөө удирдах байгууллага руу шилжүүлж, тэнд нь асуудлыг шийдэх тогтолцоотой болгох юм бол Нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдтэйгээ ойрхон байдаг учраас бүх зүйл дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой.

Тэгэхээр та нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг бага байна гэж хэлэх гээд байна уу?  Ер нь иргэдийн хандлагаас харж байхад нутгийн өөрөө удирдах байгууллага руугаа чиглэх нь тун нь бага, сонгосон төлөөлөгчөө ч бараг танихгүй байдаг шүү?   

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь 1992 оноос хойш үүсэн бий боллоо шүү дээ. Энэ 23 жилийн хугацааг харж байхад яагаад тухайн дүүрэг, аймаг, сумын хурлын тухайд эрдэм шинжилгээний ажлууд хийгдэхгүй байна вэ, яагаад огт сонирхохгүй байна вэ? Энэ дээр би ганц л юмыг хэлнэ. Монгол улс өөрөө нэгдсэн улс. Тэгэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн эрх хоёр хосолмол хэлбэрээр ажиллана гээд Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн. Тэгэхээр нутгийн өөрөө удирдах байгууллагад шилжүүлж байгаа эрх мэдэл нь өөрөө бага. Эрх хэмжээ нь бага учраас иргэдийн тэнд шийдвэрлэх асуудал нь бас бага байна гэж үзэх гээд байна л даа. Дүүрэг өөрөө маш ачаалал ихтэй, тэр ажлууд нь босоо түвшин рүүгээ шууд чиглээд явчихсан байдаг. Тэгтэл яг Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоотой шийдэж байгаа ажлууд нь маш цөөхөн байгаа учраас иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Иргэдийн Нийтийн Хурал, сонгогдсон төлөөлөгчөө таньж мэдэх тал нь бага байна гэж боддог.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх зүйн чадамжийг нь сайжруулахын тулд юуг хийвэл зохилтой юм? Таны харж байгааг сонирхвол?

            Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн чадамжийг цааш нь аль болох сайжруулах гэдэг өөрөө их чухал асуудал л даа. Энэ бол Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нэртэй байгууллага. Энэ  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг нь тухайн яг оршин сууж байгаа иргэдээсээ төлөөлөл нь болж эрх авч гарч ирдэг. Үүнийг хуулийн үзэл бодолдоо бүрэн гүйцэд суулгаж өгөх хэрэгтэй. Мэдээж энд олон юмыг ярьж болно. Монгол улсад хэрэгжиж байгаа Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар бол иргэдийн хурлын төлөөлөгчид маш олон тоотой. Тэгээд орон тооны бус байдаг. Цалин хангамж байхгүй. Үүнээс үүдээд төлөөлөгчийн эрх үүргээ гүйцэтгэхэд тодорхой бэрхшээл саадтай байдаг. Зүгээр зарим орнуудын туршлагаас харахад хоёр хэлбэрээр төр засгийг удирдаж байна. Зарим нь Ерөнхийлөгчийн засаглалтай, заримд нь Иргэдийн төлөөлөгчийн хурал гэж байхгүй, зөвлөлийн бүтэцтэй, дээшээгээ хурлууд нь байж байдаг. Манайхтай ойрхон Япон, Өмнөд Солонгосын жишээг харахад нэг дүүрэг арван хэдхэн төлөөлөгчтэй, тэр нь орон тооны, нэгэнтээ л сонгогдсон бол тэндээ л ажилладаг. Давхар ажил хийдэггүй. Энэ талаас нь харвал тухайн төлөөлөгч иргэдтэйгээ байнга ойр хамтран ажиллаж, иргэдийнхээ дуу хоолойг бүх шатанд хүргэхийн төлөө л зорьж ажиллахаас өөр аргагүй болно.

Хурлын хороод гээд байдаг. Дүүргийнх ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Хөдөө орон нутагт бол сайхан нэрнээс цаашгүй, хороодын ажил нь маш зогсонги байдаг?

            Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг байгууллагын хамгийн гол амин сүнс нь тэр хурлын хороод байгаа юм. Гэтэл хороод өөрөө ажиллах ямар ч эрх зүйн үндэс чадамжгүй байна. Юу гэхээр үйл ажиллагааны зардал, хөрөнгө төсөвгүй учраас ажил нь зогсонги байгаа. Ерөнхийдөө миний нэг хүсэж байгаа юм бол Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн баталгааг хангаж, хууль эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөх хэрэгтэй байгаа юм. Яагаад гэхээр 20-30 мянган иргэдийн төлөөлөл болж сонгогдсон төлөөлөгчийн иргэдтэйгээ ойр ажиллах, иргэдийнхээ дуу хоолойг бүх шатанд хүргэх тэр эрх зүйн чадамжийг бүрдүүлэх нь өөрөө чухал.

Ярилцлагаа өөр сэдэв рүү чиглүүлье. Та бүхэн 50 жилийн ойн баяраараа иргэддээ 2013-2015 онд хийсэн ажлынхаа тайланг тавина гэсэн. Урьдчилаад гол ажлуудаасаа сонирхуулбал?

            Сүхбаатар дүүрэгт нийтдээ 15 сургууль, цэцэрлэг баригдсан. Үүнээс тав нь ашиглалтад орчихсон, үлдсэн арав нь удахгүй орчих байх. Өөр гол ажлуудаасаа дурьдвал сургуулийн сурагчдын боловсролын асуудал дээр их анхаарч ажилласан байдаг. Ер нь бол жил бүр боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт өндөр байгаа. Жишээ нь сургуулиудын техник болон үйлчлэх хөдөлмөрийн кабинетуудыг тохижуулж, оёдлын машин, гал тогооны гарын доорх хэрэгсэлээр хангаж өгсөн. /Та очоод үзэж сонирхож болно/  Нөгөө талаар шинжлэх ухааны хичээл болон хөдөлмөрийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр сургуулиудаа “Ухаалаг самбар”-аар хангаж байна. Манай боловсролын хөтөлбөрт байгаа маш их онолын хичээлүүдийг практикт хэрэглэхэд нь хүүхдүүдэд туслах зорилгоор Unimat–ийн төхөөрөмжөөр хангасан. Энэ нь хүүхдийн аюулгүй ажиллагаанд маш сайн тохируулагдсан төхөөрөмж байгаа.

            Дээрээс нь бид дүүргийнхээ цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэлийг 100 хувь сольж шинэчлээд дуусч байна.  Ер нь  хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол гэдэг өөрөө аливаа улс орны ирээдүйн хөгжил нь  шүү дээ. Тиймээс бид дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд хүүхдийн түргэн тусламжид зориулж хоёр машин аваад өгчихсөн байгаа.  Ноднин иж бүрэн тоног төхөөрөмжтэй түргэний машиныг нийслэлийн төсвөөр авч өгснөөс гадна дүүргийнхээ төсвөөр өөр бас түргэний маш авч өгсөн. Үндсэндээ дүүргийн Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн цоо шинэ дөрвөн машинтай болсон. Ганцхан эрүүл мэндийн төв дээр зөвхөн машины асуудалд анхаарсангүй л дээ. Жил болгоны төсвөөр бид Эрүүл мэндийн төв болон бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэх тал руу анхаарч ажиллаа. Үүний хүчинд манай дүүргийн иргэд өрхийн эрүүл мэндийн төвүүд болон амбулторуудаар анхан шатны бүх төрлийн шинжилгээг хийлгэх бүрэн боломжтой болсон. Мэдээж цааш нь улам сайжруулаад явахын төлөө бид ажиллаж байна.

 Сүхбаатар дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц ямархуу байгаа вэ?

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд хамгийн үлгэр жишээ, хамгийн сайн явагдаж байгаа ажил манай 7 дугаар хорооллын ажил шүү дээ. Энэ ажил маш олон жил яригдаж ирсэн боловч маш зогсонги байдалтай байсан. Өнөөдөр энэ хороололд үнэхээр ажил өрнөж байна. Мэдээж одоо энэ ажлыг иргэд маань бүгд дэмжээд явж байгаа гэвэл үгүй байх. Ганц нэгэн ойлголцох ойлголцохгүй асуудал байгааг үгүйсгэхгүй. Ямар ч гэсэн нийслэлийн төв болсон энэ дүүрэгт маань нэг сайхан өнгөлөг хороолол өндийн босч, сургууль цэцэрлэгүүд нь ашиглалтад орчихлоо, иргэд маань түрүүчээсээ байрандаа ороод эхэлсэн. Уулзсан иргэдээс саналыг нь сонсоход маш дулаахан, чанартай сайхан байранд орчихлоо гэж хэлэхийг сонсоход таатай байна. Цаашлаад манай 15 дугаар хороон дээр дахин төлөвлөлтийн ажил явагдаж байгаа. 13 дугаар хороон дээр хаус хорооллын төсөл эхэлнэ. 14 дүгээр хороон дээр төлөвлөсөн 7 буудал, дэд төв гэх мэтчилэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд ямар дараалалтай явагддаг юм?

Бид орон нутгийн хөгжлийн сангийн нарийвчилсан журам гаргаж ажилладаг. Энэ журмын хүрээнд 3 сар иргэдээс саналыг нь хүлээн авдаг. Авсан санал дээрээ тулгуурлаад хороодын Засаг дарга нар авч яваад Иргэдийн нийтийн хурал хурлаа зарлаж, тухайн саналуудыг Иргэдийн Нийтийн Хурал дээр эрэмбэлүүлдэг. Энэ процесс нь явагдаад дуусчихсан байгаа. Үүний дараа хороо бүр иргэдийн хурлын тогтоолоо гаргаад ЗДТГ-т хүргүүлдэг. ЗДТГ-т төвлөрөөд ирэхээр нь үүнийг нийслэл болон дүүргийн бүтээн байгуулалтын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж гаргах ёстой. Араас нь хийгдэх ажлуудын зурагжуулалт, төсөвжүүлэх ажлууд хийгдэнэ. Ингээд үндсэндээ энэ оны 10 дугаар сарын сүүлээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн баригдана. Энэ үед ИТХ-ын төлөөлөгчид ямар ажил хийх вэ гэхээр тухайн хороодын иргэдийн дэвшүүлсэн санал, тулгамдсан ажил мөн эсэх дээр шүүж ярилцана. Тэгээд иргэдийн өгсөн саналаар хийгдэх ажлуудыг бусад бүх зүйлтэй нь уялдуулаад ИТХ-аас баталж өгдөг. Энэ ажил маань энэ оны 12 дугаар сарыг дуустал явагдана.

Ойн баяраа тэмдэглэх ажлын хүрээнд та бүхэн 300 сая төгрөг төсөвлөсөн байсан, ажлынхаа чиглэл зорилтоос танилцуулбал?

Бидний 50 жилийн ойдоо төлөвлөсөн ажлуудын маань дийлэнх нь иргэд рүүгээ хандсан, иргэдээ урамшуулахыг бодсон, иргэдтэйгээ хамтарч бүтээхийг зорьсон ийм ажлууд байгаа. Мэдээж үүнд урлаг, спорт, нийтийн биеийн тамирын асуудал багтсан. Иргэдээр танилцуулах өдөрлөгүүд ч бий. Хөдөлмөрч бүтээлч иргэдийнхээ үзэсгэлэн худалдааг танилцуулах гэх мэт иргэдтэйгээ хамтарч хийхээр төлөвлөсөн маш олон төрлийн ажлууд байгаа.

Таны байнга эрхэмлэж, үргэлж иргэддээ хэлж сануулж явдаг үгээр ярилцлагаа өндөрлөе?

Ер нь би иргэдтэйгээ уулзахдаа зориуд нэг үгийг дандаа хэлдэг. Дахин дахин сануулдаг. Ерөөсөө миний дүүрэг, манай дүүрэг, Найрсаг сайхан Улаанбаатар хотын минь зүрх нь болсон хойморт нь оршдог бидний дүүрэг. Улаанбаатар хотод гадаад дотоодоос ирсэн хэн ч болов манай дүүргийн хөгжлийн түвшинг харж байдаг. Тийм учраас бүгдээрээ аль болох эв нэгдэлтэйгээр асуудалд нухацтай хандаж, энэ дүүргээ хөгжүүлэх талаар ямар ажил хийх үү, юуг хийх үү, яаж хийх үү гэдэг дээр хүн бүхний зүрх нь лугшиж, идэвхтэй оролцож явах ёстой гэж байнга хэлдэг юм. Миний дүүргийн инээмсэглэлээс эх орны минь хөгжил харагддаг. Манай дүүргийн иргэд маш онцлогтой, соёл боловсролтой, оюунлаг, үе үеийн төр засагт өндөр алба хашиж явсан сайхан буурлуудтай. Энэ олон ухаалаг хүмүүс, энэ сайхан иргэдийнхээ дунд нь ороод ажиллаж амьдарч, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж буй Сүхбаатар дүүрэгтээ алхаж явах сайхан байна. Энэ дүүрэг минь иргэдгүйгээр дүүрэг биш шүү дээ. Тийм учраас энэ 50 жилийн ой иргэдийн маань баяр юм.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%