СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатарчууд Иргэдийн баярын өдөрлөгөө зохион байгууллаа.

2015-06-20

     Өнөөдөр Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Иргэдийн өдөрлөг” Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Р.Амаржагал Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын зөвлөх Р,Оргил, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Х.Болормоо, Л.Нармандах болон дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын алба, Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэд оролцов.
Иргэдийн өдөрлөгөөр 50 жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэддээ чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлсэн юм. Тодруулбал:
- Хороодын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, үзэсгэлэн худалдаа 
- Дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нийтийн хоолны худалдаа 
- Дүүргийн 50 жилийн ой тохиож буй энэ жилд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй иргэн 
- Дүүргийн 50 жилийн ой тохиож буй жилд гэрлэлтээ батлуулж буй залуу гэр бүл 
- Дүүрэгт 50 ба түүнээс дээш жил хамт амьдарсан ахмад гэр бүлд хүндэтгэл үзүүлэх
- Дүүргийн 50 жилийн ой тохиож буй жилд 50 нас хүрч буй /Дүүрэгтэй нас чацуу/ иргэн 
- Дүүргийн 50 жилийн ой тохиож буй жилд төрсөн нярай хүүхэд 
- Дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дүүрэгт 50 ба түүнээс жил үр бүтээлтэй ажиллаж амьдарсан иргэнд тус тус хүндэтгэл үзүүлж дурсамж гардууллаа.
Цэрэг иргэний хамгаалалтын чиглэлээр:
Үлээвэр найрал хөгжмийн тоглолт 
Жагсаалын үзүүлэх тоглолт 
Зэвсэггүй тулалдах мэх, гардан тулалдааны үзүүлбэр 
Сургуулилттай нохойн үзүүлбэр 
Зэвсэгтэй үзүүлбэр 
Спортын арга хэмжээнүүд болон Аха тэмцээнүүдийг иргэдийнхээ дунд зохион байгуулж шагнаж урамшууллаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг хүлээн авч “Иргэдийн өдөрлөг” Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нижгэр сайхан болж өндөрлөлөө.

СҮХБААТАРЧУУДЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ 
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороог хувааж, 4 дүүрэг /тухайн зарлигт район гэж нэрлэсэн байдаг/ болгон зохион байгуулсаны нэг нь Сүхбаатар дүүрэг /район/ билээ. Сүхбаатар дүүрэг нь нийт 44 хороодыг нэгтгэсэн 19,452 өрхтэй, 96,661 хүн амтай, 500 гаруй байгууллага, үйлдвэр, соёл үйлчилгээний газартай тэр үеийн Нийслэлийн хүн амын гуравны нэг нь тус дүүрэгт хамрагдаж байжээ. Дүүргийн газар нутгийн түүхийг 1778 онд Их хүрээг энэ суурьшлын бүсэд байгуулсан тэр цагаас эхэлсэн гэж үздэг. Сүхбаатар дүүрэгт Монгол улс, Нийслэл хотын түүхтэй холбоотой олон дурсгалт газар, тухайн салбартаа анхныхаа гал голомтыг асаасан олон арван ууган байгууллага, төр засгийн төв байгууллагууд төвлөрөн байрлаж ирсэн. Иймээс Их хотын хойморь хэмээн хүндлэн дээдэлдэг. Энэ ч утгаараа Монгол улсын урлаг соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, худалдаа үйлчилгээний төв нь болон хөгжсөөр байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ-ӨНӨӨДӨР 
Сүхбаатар дүүрэг өнөөдөр 20,8 мянган га газар нутагтай, 20 хороо, 36062 айл өрхтэй, 136424 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг болоод байна. Үүний зэрэгцээ тус дүүрэгт төр захиргаа, соёл боловсрол, шинжлэх ухааны төв байгууллагууд төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Төрийн ордон, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, яам агентлагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага, элчин сайдын яамд, НҮБ, Дэлхийн банк, Азийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагууд, Ардчилсан нам, Монгол ардын нам зэрэг улс төрийн нам эвсэл холбоодын 30-аад байгууллага байрладаг. Мөн Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Эрүүл Мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын Боловсролын их сургууль зэрэг их дээд сургуулиуд, Улсын клиникийн нэгдсэн эмнэлэг зэрэг 6276 байгууллага, аж ахуйн нэгж тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Иймээс Сүхбаатар дүүргийг хамгийн Оюунлаг хэмээн иргэд нэрлэдэг. 
ОЙН ЖИЛИЙН ХҮРЭЭНД

     Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан.
     Дүүргийн ой гэдэг бол дүүрэгт ажиллаж амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бид бүхний хамтын баяр болж байна. Тийм учраас ойн жилдээ хэрэгжүүлэх ажлын саналыг “Ойг зохион байгуулах хороо” байгуулан бүх хэлтэс албад, албан хаагчдаас болон “Хөгжилд хөтлөх-таны санал” уулзалтыг зохион байгуулж, иргэдийнхээ саналыг авч төлөвлөгөөндөө тусгаж иргэд рүү чиглэсэн 50 багц 125 ажил хийж байна.

Өнөөдрийн энэхүү өдөрлөг нь эдгээр ажлуудын нэг юм. 
АМЖИЛТААС..

• 2014 оны эрүүл мэндийн шилдэг байгууллагаар Нийслэлийн хэмжээнд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг шалгарлаа.
• 2013, 2014 онд жил дараалан боловсролд оруулсан хөрөнгө оруулалтаараа “БОЛОВСРОЛД ЭЭЛТЭЙ ДҮҮРЭГ” –ээр шалгарав.
• “ХОГГҮЙ ДҮҮРГЭЭС ХОГГҮЙ ХОТ” болзолт уралдаанд тэргүүлж шилдэг дүүргээр шалгарав. 
• 2013 онд авлигын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаараа тэргүүлж “Авлигаас ангид, сайн засаглалын туршлага-2013”-ын шилдэг дүүрэг 
 
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДААС...

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР 2012-2015

Дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн автомашин болон нарийн шинжилгээний лабаратори бүрэн шинэчлэгдэж, Эрүүл мэндийн төв, салбарууд 3D эхо, зүрхний өнгөт эхо, шарлагын аппарат, хүчилтөрөгчийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөө шинэчиллээ.

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР

ЭЕШ-ын чансаагаар: Улсын хэмжээнд НЭГДҮГЭЭР байранд явж байна.
15 сургууль, цэцэрлэгийн барилга барьж байгаа ба үүнээс 5 сургууль, цэцэрлэг ашиглалтанд ороод байна. Үүний 2 цэцэрлэгийг дүүргийн төсвийн хөрөнгөөр барилаа.
42 сургуулийн, цэцэрлэгийн тохижилт, дээвэр, цахилгаан, дотор засал, ариун цэврийн өрөөнүүдийг шинэчлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар 13 сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод орчин, нөхцөлийг сайжруулах ажил өрнөж байна.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр цэцэрлэг бүр шинэ тоглоомтой, сургууль бүр эрэгтэй технологийн хичээлийн Австри “UNIMATE” төхөөрөмжтэй, эмэгтэй технологийн хичээлийн иж бүрэн шинэ тоног төхөөрөмжтэй болж Улсын хэмжээнд анх удаа дүүрэгт зохион байгуулагдсан “Ирээдүйн баялаг бүтээгчдийн чуулган”-ы үеэр 8000 гаруй бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ.

Удаан хүлээлгэсэн 3 болон 11 дүгээр сургуулийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдэд үйлчлэх төв байр 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ашиглалтанд орсон юм. 
Энэ өдрөөс эхлэн Нэг цонхны үйлчилгээг илүү өргөжүүлж, хүртээмжтэй, болгох үүднээс 23 цонхоор 8 хэлтэс, албад 50 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж, өдөрт дундажаар 150-350 иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилж байна. 
Төрийн үйлчилгээг ийнхүү нэг дор төвлөрүүлэх нь үйлчилгээнд зарцуулагдах цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй, үзүүлж байгаа үйлчилгээ нь хяналт чирэгдэл багатай, харилцагчдын сэтгэлд нийцсэн, хүртээмжтэй байх давуу талууд бий болж, үр дүнд нь төрийн захиргааны үйлчилгээ хялбар хүртээмжтэй, шуурхай, ил тод болж байна.
Мөн дүүргийн 8, 10, 12,13, 19, 20 Хороо, ӨЭМТ, Цагдаагийн цогцолбор барилга шинээр ашиглалтад орж, 18 хороонд НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ байгуулагдан төрийн үйлчилгээ үзүүлж байна. 
Энэ онд Дүүргийн 2, 7, 9-р хороонд шинэ Хороо, Өрхийн эмнэлэг, Цагдаагийн цогцолбор баригдахаар болж орчин үеийн стандартад нийцсэн, тав тухтай байранд иргэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай авах бололцоотой боллоо.

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

Хогийн цэг устгалын төслийн хүрээнд дүүргийн хэмжээнд 23 хог хаягдал үүсдэг цэгийг устгаж 9 байршилд бичил тохижилтын ажил хийж, ундны усны хүрэлцээг нэмэгдүүлж 13 гүний худаг байгуулж, 2015 онд дахин 7 худаг шинээр барьж байна.

Өнөөдөр дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг – 731, хяналтын камер – 292 байгаа бол дахин 371 гэрэлтүүлэг шинээр хийж байна.

Иргэдийн саналын дагуу 84 байршилд ногоон байгууламж хийж байна.

Ийнхүү энэ онд 14082,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 201 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн 50 жилээ тэмдэглэж байгаа нийт дүүргийн иргэддээ бэлэг барьж байна.

НИЙТ СҮХБААТАРЧУУДДАА 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%