Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сүхбаатар Эрүүл мэндийн төв, хамтран албан хаагчдад “Эмнэлгийн анхан шатны тусламж” үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Улаан загалмайн хорооны дэд тэргүүн Э.Ганбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нар нээж, Улаанбаатар Төмөр замын Улаан загалмайн хорооны дарга Н.Пүрэвсүрэн, Сүхбаатар эрүүл мэндийн төвийн сургалтын менежер Х.Саранчимэг нар удирдан явуулав.
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгох, амилуулах суурь тусламж үзүүлэх хандлага төлөвшүүлэх зорилготой тус сургалтад хамрагдсан хэн ч яаралтай анхны тусламж үзүүлэн хүний алтан амь аврах нөхцөл бүрдэх юм.
Нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, осол гэмтлийн болон авто ослын дуудлага ихэсч байгаа бөгөөд хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хаягийн тодорхойгүй байршил зэргээс яаралтай тусламжийн багийн хүрч очих хугацаа уртасч байна.
Тиймээс осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн арга аргачлалыг албан хаагчдад эзэмшүүлэх нь нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болжээ.