Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажил уг хуулийн хэрэгжилт өндөртэй аймаг, дүүргүүдэд хийгдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай хуулийн заалтын хэрэгжилтийн өнөөгийн байдал, хууль батлагдсанаар нийгэмд үзүүлсэн үр нөлөөг тогтоох, иргэд хуулиар олгогдсон газар өмчлөх эрхээ эдлэхгүй байгаа шалтгаан, нөхцөлийг судлан, хуулийн үйлчлэлийг сайжруулахад санал, дүгнэлт гаргах зорилгоор нийслэлийн дүүргүүдийн Газрын албаны холбогдох албан тушаалтнуудтай ярилцах, хууль хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж судалгаа хийх хэлэлцүүлэг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, дүүргийн ИТХ-ын Ажлын албатай хамтран зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт ИТХ-ын Газрын харилцаа, байгаль экологийн асуудал хариуцсан ажлын хорооны төлөөлөгчид, дүүргийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон хороодын Засаг дарга нар оролцож дүүргийн хэмжээнд газар олголт, газар өмчлөлтэй холбоотой ямар асуудлууд байгаа талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлж цаашид анхаарч авч хэрэгжүүлэх ажлуудын тухай саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүллээ.