УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ИТХ-ын үйл ажиллагаанд баримтлах жишиг баримт бичиг боловсруулж, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх зорилгоор ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд www.khural.mn цахим хуудасны одоогийн хөгжүүлэлт, нийтлэлийн агуулгад дүн шинжилгээ, мониторинг хийх, цахим хуудсыг сайжруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт санал өгөх, админы сургалтын агуулгын талаар санал боловсруулах ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэг 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэгт боллоо.
Уулзалтад Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал, Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг, Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээлэл технологийн албаны шинжээч Б.Мөнхзул, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хяналт үнэлгээний ажилтан М.Мягмаргармаа нар оролцлоо.
Ажлын хэсгээс 21 аймаг 9 дүүрэг 105 сумдын хурал.мн сайтын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт, дүн шинжилгээ хийж бусад төрийн байгууллагын цахим хуудасны загвар, нийтлэлийн бодлогын талаар судалсан судалгааг “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн нэгжид танилцуулсан юм.